Дижитал ирээдүйд таны бизнес тэсч үлдэх 10 шалтгаан – 7

 In Мэдээлэл, Оффис 365

Мэдээлэл

Хэзээ, хаана юу болохыг төвөггүйхэн мэддэг эрин үед бид амьдарч байна. Үүнийг мэдээллийн эрин зуун гэх. Юмсын тухай, үзэгдлийн тухай мэдээлэл ил тод болох цагт сайнаар бодоход алив үйлдэл хурдан, муугаар бодоход хувийн орон зай гээч нь үгүй, ийм л нийгэмд бид өнөөдөр амьдарч байна.

Байгууллагын эрхэм зорилго, алсын харааг дотор нь ажиллаж буй хүмүүс сайтар ойлгож байж нэгэн зүгт сэтгэл нийлэн тэмүүлнэ. Эс бөгөөс цаг нөгцөөж, цалин бодуулж, дахиад хэдэн төгрөг илүү амалсан байгууллага руу шилжих шалтагаа толгойдоо боловсруулж сууна. Санхүүгийн болоод байгууллагын дотоод асуудал бүхий мэдээллийг тэр бүр бүх хүн мэдэж байх албагүй хэдий ч бусад ажлын холбогдолтой мэдээллийн урсгалыг байгууллага дотроо чөлөөтэй эргэлдүүлэх нь цаашид хөгжихөд ихээхэн хэрэгтэй.
Мэдээлэл болон хувийн асуудлыг холбож хов жив болгодог байгууллагын соёлыг өөрчлөхөд амаргүй. Энэ асуудал гэр бүлийн бизнест ихээхэн хамаатай.

Тэгвэл мэдээлэл хуваалцах энгийн хэр нь үр дүнтэй аргуудаас хуваалцъя.

1.Ярилцлага
Нүүр нүүрээ хараад ярилцах бол хамгийн үр дүнтэй арга. Хүссэн асуултынхаа хариултыг цаг алдалгүй авч, өөрийн үүрэг хариуцлагад хэрэгтэй асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх шилдэг арга.

2. И-мэйл
Мэдээж бас нэг гарц. Гэвч энэ дундаас мэдээлэл алдагдах явдал цөөнгүй. Өмнөх бичвэрт дурдснаар спам и-мэйлийг таньж мэддэггүй ажилтантай бол и-мэйлийн аргаар дотоод мэдээллээ бүрэн алдах боломж бий. Гэхдээ ёс зүйн хувьд өндөр түвшинд ажилладаг, Soft Skill хөгжсөн ажилтан хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Мөн 100% хамгаалагдсан лицензтэй програмууд таны онлайн орчин дох харилцааг бат сайн хамгаалж чадна.

3.Форум
Олон ажилтантай байгууллагын хувьд мэдээллийн чанартай форум зохион байгуулах нь бас нэг үр дүнтэй арга. Мэдээллээр цангасан, гарах гарц, шийдэл хайж буй ажилтан энэ арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг. Тэд хамгийн түрүүнд бүртгүүлэх явдал нь хэрэгтэй хүнд хэрэгтэй мэдээллийг нь хүргэхэд бас нэгэн шүүлтүүр болж өгдөг.

4. Онлайн видео, дуудлага
Эхний аргатай төстэй боловч цаг хугацаа, санхүүгийн талаас хэмнэлттэй. Олон хүнд дэлгэцээ хувааж мэдээлэл солилцож болох олон шийдлүүдийг мэргэжилтнүүд санал болгож байна.

Зөв мэдээллийг цаг алдалгүй хуваалцаж байхгүй бол буруу мэдээлэл, хов жив танай байгууллагаас салахаа болино. Учир нь хүн мэдээллээр байнга цангаж байдаг. Мэдээлэлгүй хүмүүс хамтарч ажиллаж чадахгүй, хамтын ажиллагаа үгүй бол бизнес цэцэглэхгүй. Ил тод, шударга орчинд хүн өөртөө илүү итгэлтэй болж, ажлын бүтээмж нэмэгдэх болно.

Recent Posts

Leave a Comment