Дижитал Шилжилт (Digital Transformation)

 In Мэдээлэл

Дижитал Шилжилт гэдэг ойлголтын тухай сүүлийн үед маш хүчтэй яригдах боллоо. Энэ сэдэвтэй холбоотойгоор өөрийн олж мэдсэн зүйлсээ энд ноороглохыг хүслээ.

Хурдацтай өсөн нэмэгдэж буй технологийн нөлөөгөөр өгөгдөл цуглуулах, боловсруулах, дамжуулах, хадгалах хурд, хэмжээ, багтаамж асар ихээр нэмэгдсээр байна. Энэ нь хүмүүсийн амьдралд энгийн хэрэглээний төвшинд нэвтэрснээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл цаг алдалгүй хүрч, тэдэнд өргөн сонголт, хямд үнэ, төлбөрийн уян хатан нөхцөл гэх мэт олон давуу талуудыг бий болгож байна.

Байгууллагуудын хувьд, ялангуяа бизнесийн байгууллагуудын хувьд, уламжлалт хэв маягаар ажилласаар байвал цоо шинэ өрсөлдөгчдөд, эсвэл өөрчлөлтийг дагаж шинэчлэгдэж чадсан хуучин өрсөлдөгч нартаа өөрийн бий болгосон зах зээлийн байр сууриа алдах эрсдэлийг бий болгож байна.

Энэхүү өрсөлдөөний шинэ орчинд ялгарах, манлайлахыг хүсвэл одоогийн бизнес загвартаа үнэлэлт дүгнэлт хийж, бизнес загвараа эргэн харж, шаардлагатай бол дахин шинээр боловсруулах хэрэгцээ бий болж байна. Мөн үүний хажуугаар технологийн шинэ трендүүдийг судлах, ирээдүйн чиг хандлагыг өөрийн бизнесийн хүрээнд тодорхойлох, харилцагчдынхаа хүлээлтийг зөв олж харах зэрэг судалгаануудыг богино хугацаанд оновчтой сайн гүйцэтгэх шаардлагатай болж байна.

Хэрхэн яаж дижитал шилжилтийг хийх тухайд дэлхийн олон эрдэмтэн мэргэд, бизнесийн томоохон байгууллагууд өөр өөрийн арга аргачлалуудыг санал болгож байна.

Эрдэмтдийн төлөөлөл болгож Dr. Jeanne W. Ross (Director & Principal Research Scientist, MIT Sloan Center for Information Systems Research)-ийн тайлбарласан аргачлалыг энд товчхон дурдмаар байна.

Эх сурвалж:

 

Дижитал шилжилт гэдэг нь технологийн тухай ойлголт биш. Энэ бол хэрэглэгчдэдээ санал болгож буй үнэ цэнийг дахин тодорхойлох тухай ойлголт юм. Үүний тулд дараах дөрвөн шийдвэрийг гаргах шаардлагатай.

Шийдвэр №1: Хэрэглэгчдийнхээ амьдралыг хэрхэн сайжруулах талаар алсын хараагаа шинээр тодорхойлох.Алсын хараагаа дахин тодорхойлохгүйгээр ямар нэгэн өөрчлөлт бий болох боломжгүй. Энд Philips, Schindler, Lego компаниуд хэрхэн алсын хараагаа шинээр тодорхойлсон тухай жишээ дурдагдсан байна.

Шийдвэр №2: Бидний стратегийн гол хүчин зүйл нь юу байх вэ гэдгийг тодорхойлох. Энэ нь дараах хоёр зарчмын аль нэг нь байна. Үүнд, зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагыг дагах уу, аль эсвэл бүтээгдэхүүнийхээ онцлогт анхаарах уу… Зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан тохиолдолд хэрэглэгчдэд төвөг чирэгдэлгүй, түргэн шуурхай, тухайн хүнд тохирсон, хамтын ажиллагааг дэмжсэн үйлчилгээг хүргэх тухай ойлголт юм. Харин бүтээгдэхүүний онцлогт тулгуурласан тохиолдолд ямар нэгэн шинэ үнэ цэнийг бий болгосон, нөхцөл байдлыг урьдчилан харах чадвартай, мэдээллээр баяжуулсан, хил хязгаарт үл баригдах шинж чанарыг агуулсан бүтээгдэхүүн бүтээх тухай ойлголт юм.

Шийдвэр №3: Бидний гол дижитал чадамжууд юу вэ? Дотоод үйл ажиллагааны процессууд болон хэрэглэгч, харилцагчийн үйлчилгээнүүд дижиталд шилжсэнээр үйл ажиллагаа төгөлдөржиж, үйлчилгээний хурд, инноваци сайжирна. Үйл ажиллагааны процессын тухайд бидний мэдэх ERP, CRM гэх мэт дотоод үйл ажиллагааг автоматжуулсан шийдлүүд байх бөгөөд хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулсан мобайлвэбсошиал төрлийн шийдлүүдийг мөн гаргаж, үйл ажиллагааны автоматжуулалтын системүүд нь эдгээр шийдлүүдийг дэмжиж, нягт уялдан ажиллах чадвартай байх ёстой.

Шийдвэр №4: Бид хэрхэн өөрийн бизнесийг загварчилж, тохируулах вэ? Ажиллагсдадаа илүү бүтээмжтэй байж, илүү ихийг бүтээх нөхцөлийг бүрдүүлэх, хоорондоо чөлөөтэй хамтран ажиллах орчныг бий болгох нь чухал юм. Ингэснээр дижитал шилжилт бага багаар амжилттай хэрэгжих болно.

Дараагийн нийтлэлээрээ томоохон байгууллагуудын төлөөлөл болгож нэгэн байгууллагын аргачлалыг та бүхэндээ хүргэх болно.

Та бүхний Дижитал Шилжилтэнд амжилт хүсье!

Recent Posts

Leave a Comment